by

Мэдээ

“М-Си-Эс Интернэйшнл” компани “Нэгдсэн удирдлагын тогтолцоо”-нд бүрэн нийцсэн үйл ажиллагаа явуулж буйгаа ОУ-ын байгууллагаар баталгаажууллаа

2019 / 10 / 04

Эрчим хүчний салбарт тэргүүлэгч “М-Си-Эс Интернэйшл” ХХК чанарын удирдлага, байгаль орчны удирдлага, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлага, эрчим хүчний удирдлагын олон улсын стандартыг “Нэгдсэн удирдлагын тогтолцоо” хэлбэрээр буюу цогцоор нь үйл ажиллагаандаа нэвтрүүлснийг баталгаажуулах гэрчилгээг өчигдөр гардан авлаа. Олон улсын магадлан итгэмжлэлийн форум буюу “International Accreditation Forum” болон Австрали-Шинэ Зеландын бүсийн “JAS-ANZ” байгууллагаар итгэмжлэгдэж, Австралийн “BCert” компаниар баталгаажсан олон улсын стандартын гэрчилгээг Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэн М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваахүүд гардуулан өгсөн юм. Гэрчилгээг гардан авах үеэрээ М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваахүү “Бид 2004 онд анх удаа ISO стандартыг нэвтрүүлж байсан. Үүнээс хойш олон улсын бусад стандартыг үйл ажиллагаандаа шат дараатай, амжилттай нэвтрүүлсээр ирлээ. Манай хамт олон 2019 оны төлөвлөгөөндөө нэг дор дөрвөн стандартыг нэгтгэсэн “Нэгдсэн стандартын тогтолцоо”-г бүрэн хангах зорилт тавин ажилласан. Бид өнөөдөр зорилтоо биелүүлэн, Австралийн олон улсад танигдсан “BCert” компаниар баталгаажсан гэрчилгээг гардан авч байгаадаа баяртай байна.” гэсэн юм.

“М-Си-Эс Интернэйшнл” ХХК нь “Integrated Management System” буюу “Нэгдсэн удирдлагын тогтолцоо”-ны хүрээнд:

  • ISO 9001:2015 Чанарын удирдлага,
  • ISO 14001:2015 Байгаль орчны удирдлага,
  • ISO 45001:2018 ХЭМАБ-ын удирдлага,
  • ISO 50001:2018 Эрчим хүчний удирдлагын стандартчиллыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн олон улсын гэрчилгээ авах болзлыг хангасан юм.

М-Си-Эс Интернэйшнл ХХК нь “Нэгдсэн удирдлагын тогтолцоо”-ны хүрээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага байхын тулд бүхий л үйл ажиллагаагаа байнга сайжруулахыг зорин ажиллаж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг хэрэглэгч, захиалагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх буюу тэдний хүлээлтээс давсан сэтгэл ханамжийг бий болгож, аюул осолгүй ажлын байрыг бүрдүүлэн, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, эрчим хүчийг хамгийн үр ашигтай, найдвартай үйлдвэрлэн ханган нийлүүлж ажиллаж байна. Ийнхүү “Дэлхийн инженерингийн хөгжлийг Монголд” цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд “М-Си-Эс Интернэйшнл” ХХК дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандартын шаардлагад бүрэн нийцсэн үйл ажиллагаа явуулж буйгаа олон улсын байгууллагаар баталгаажууллаа.