М Си Эс Интернейшнл ХХК нь Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд эрчим хүчний хараат бус байдлыг бий болгох, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэх зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд Сэрвэн 10 МВт-ын нарны цахилгаан станцын төслийн Ерөнхий Гүйцэтгэгчээр ажилласан билээ. Төслийн барилга угсралт дуусаж, 2023 оны 12 дугаар сарын 26 -ны өдөр Улсын комиссын бүрэлдэхүүний 100%-ийн саналаар байнгын ашиглалтад амжилттай хүлээлгэн өглөө.
Сэрвэн 10 МВт-ын нарны цахилгаан станц ийнхүү ашиглалтад орсноор баруун нутгийн алслагдсан бүс болох Алтай Улиастайн эрчим хүчний систем сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болж, найдвартай ажиллагаа сайжирч, жилд 18.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, Говь-Алтай аймгийн 14 мянган өрхийн 50 мянган иргэний цахилгаан хангамжийг сайжруулах, цахилгаан дамжуулах шугамын алдагдлыг бууруулах, Тайширын УЦС-ын далан дахь усан сангийн усны нөөцийг нэмэгдүүлэх үр ашигтай юм.
Сэрвэн 10 МВт-ын нарны цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 16 мянган тонн орчим нүүрстөрөгчийн давхар ислийн хүлэмжийн хийг бууруулж, 11 мянган тонн нүүрс, 145 мянган тонн ус хэмнэх тул уур амьсгалын өөрчлөлтийн энэ цаг үед өндөр ач холбогдолтой. Төслийн барилга угсралтын үед 110 орчим ажлын байр, байнгын ашиглалтын үед 10-12 ажлын байр бий болсон байна.
Энэхүү төсөл нь монгол компани эрчим хүчний хэрэглээний чанар, хүртээмжийг сайжруулах томоохон төслийн EPC (Engineering, Procurement, and Construction) гэрээг бие даан гүйцэтгэсэн анхны нарны цахилгаан станцын төсөл гэдгээрээ онцлогтой юм.