by

Мэдээ

М-Си-Эс Интернэйшнл ХХК “Эрчим хүчний салбарын онцлох Энтрепренер”-ээр шалгарлаа

2019 / 12 / 24

Монгол Улсад бүртгэлтэй 140 мянга гаруй аж ахуйн нэгж байдгаас тэргүүлэгч 100 компани нь ДНБ-ий 96 хувь, татварын орлогын 50 хувийг бүрдүүлдэг байна. Тухайн жилийн бизнесийн тэргүүлэгчдийг шалгаруулдаг МҮХАҮТ-ын “Энтрепренер-2019” ёслол 23 дахь жилдээ зохион байгуулагдаж, нийт 43 номинацид 100 компанийн 182 материал ирснээс Гран-При шагналыг “Эрдэнэт” ТӨҮГ хүртэв.

“Эрдэнэт” үйлдвэр 2019 онд 134 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 2 их наяд орчим төгрөгийн экспортын бүтээгдэхүүн борлуулжээ. Түүний араас оны онцлох 10 ААН-ээр Оюу толгой ХХК, Энержи Ресурс ХХК, Номин Холдинг ХХК, Мобиком корпораци, Тэсо корпораци, Сүү ХК, М-Си-Эс Кока-Кола ХХК, Монос Групп, Ханбогд кашимер ХХК, Өгөөж чихэр боов ХХК-иуд шалгарлаа. Тухайлбал, Оюу толгой төсөл Монголд хэрэгжснээр 14,000 ажлын байр бий болгосноос гадна дотоод гадаадын туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчидтэй тогтмол хамтран ажиллаж иржээ. Өнгөрсөн онд Оюу толгой ХХК нийт 764 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 524 нь үндэсний ханган нийлүүлэгчид байжээ.

Түүнчлэн  М-Си-Эс Интернэйшнл ХХК “Эрчим хүчний салбарын онцлох Энтрепренер”-ээр шалгарчээ. М-Си-Эс Интернэйшнл компани 2019 онд 43.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, эрчим хүчний салбарт ногоон эрчим хүчийг 85 МВт хүчин чадлаар нэмэгдүүлжээ. Тодруулбал, ДЦС-4 ТӨХК-ийн үр ашгийг дээшлүүлэх төсөл болон Оюу Толгой ХХК-ийн Дулааны станцын өргөтгөлийн төслийг хэрэгжүүлж хүлээлгэн өгсөн байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт Монгол Улсад хамгийн том бөгөөд тус бүр нь 15 МВт-ын чадалтай Нарны цахилгаан станцыг Дорноговь аймгийн Замын-Үүд, Төв аймгийн Сэргэлэн  сумдад барьж байгуулахад ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр ажилласан байна.

Ийнхүү 2019 онд манай улсын эдийн засаг, бизнесийн хөгжлийн түүчээ болж, салбар бүртээ манлайлсан аж ахуйн нэгжүүдийг үнэлж өргөмжиллөө. Эдгээр компаниуд ирэх жил Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ажлын байр бий болгож, айл өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд урьдын адил хувь нэмрээ оруулах нь дамжиггүй юм.