by

Мэдээ

УС ДАМЖУУЛАХ СИСТЕМ, ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ 3, 4 ТӨХК ДЭЭРХ ӨӨРЧЛӨЛТИЙН АЖЛУУД, СКАДА СИСТЕМИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ТӨСӨЛ

2023 / 12 / 08

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац(МСК)-ын хооронд байгуулсан Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэх Ус дамжуулах шугам систем, Дулааны цахилгаан станц (ДЦС)-уудын техникийн усны схемийн өөрчлөлт ба автоматжуулалтын системийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч компаниар  М Си Эс Интернэйшнл компани шалгарлаа.

Төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулах бөгөөд Улаанбаатар хотын Шинэ төв цэвэрлэх байгууламж (ТЦБ)-ийн цэвэрлэсэн усыг тус үйлдвэрт дахин боловсруулж, дулааны цахилгаан станц (ДЦС)-уудын үйлдвэрлэлийн хэрэгцээнд техникийн усны зориулалтаар эргүүлэн ашиглах боломжийг бүрдүүлж байгаа юм. Ингэснээр Газрын доорх усны нөөцийг хэмнэх ба ДЦС-уудын их хэмжээгээр ашиглаж буй газрын доорх усыг цэвэрлэсэн усаар орлуулснаар Улаанбаатар хотын ирээдүйн газрын доорх усыг хэмнэх өндөр ач холбогдолтой юм.

Төсөл амжилттай хэрэгжсэнээр хоногт 50 мянга, жилд 18.3 сая шоо метр хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орж, цэвэрлэсэн ДЦС-ууд уг цэвэрлэсэн усыг хөргөлтийн ус, галын ус, үнс зайлуулах системүүд болон бусад зориулалтаар ашиглаж, газрын гүний усны хэрэглээг бууруулах ба Улаанбаатар хотын хүн амын унд-ахуйн хэрэгцээнд ашиглах боломжийг бий болгоно.

Монгол Улсад анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлж буй юм. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм. Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэх дөрвөн томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын сүүлийнх нь ийнхүү албан ёсоор эхэлж байгаа юм.